Энэ жилийн хамгийн “нүдээ олсон” шагнал аврагчдад өгсөн 16 сая төгрөг

DSC9836-1.jpg

Оны эцэс болж, олон байгууллага шинэ жилээ хийж, шилдгүүдээ тодруулж шагнал урамшуулал олгож байгаа. Тэр бүгд нь оны гэх тодотголтой. Оны шилдэг залуу улс төрч, оны шилдэг бизнесмэн, оны халамжлан хүмүүжүүлэгч гээд явж өгнө. Түүнчлэн аймаг бүрийн шинэ жил өөрийн гэсэн онцлогтой болдог болоод удаж байгаа. Улсын нийслэл нутаг дээр нь байрладаг Төв аймгийнхан “Алтан шанага” гэдэг шагналыг анх гаргаж моодонд оруулж байсан бол өнөө жил “Амь нэгтэй Архангай” гэдэг цэнгүүн болсон нь цахим ертөнцөөр нэг шуугиан дэгдээж, “Дуу нэгтэй Дундговь” гэх үү, “Утаа нэгтэй Улаанбаатар” гэвэл яасан юм бэ гэдэг дээрээ тулсан. Шилээ дарсан, ирэх өдрүүдэд ч дарах энэ олон шагнал, урамшууллаас хамгийн нүдээ олсон нэг шагнал нь аврагчдад олгосон 16 сая төгрөг байлаа. Өнөөдөр Онцгой байдлын байгууллага (ОББ) 2019 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа Соёлын төв ордонд зохион байгуулж, Онцгой байдлын байгууллагын 2019 онд дэвшүүлсэн зорилтын дагуу идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.

Энэ үеэр Монгол улсын Шадар сайдын 2018 оны тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” -ыг баталсаны дагуу гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргасан зарим алба хаагчдад мөнгөн урамшуулал олгосон юм. Тухайлбал, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврагч, ахлагч Б.Түмэнбаяр, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Г.Отгонбаяр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Х.Баярсайхан, Завхан аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Г.Пунцагсанжаа, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Д.Доржсүрэн, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батсайхан нарт тус бүрт нь 16 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Онцгой байдлын байгууллагын онцгой гавъяа байгуулсан алба хаагчид ийнхүү шагнуулж. Хэцүү бүхний түрүүнд явдаг, бидний амийг аврахын төлөө өөрийнхөө амиар дэнчин тавьдаг өнөө цагийн эгэлгүй албатай эгэлхэн баатруудад очсон энэ 16 сая төгрөг бол жинхэнэ нүдээ олсон шагнал билээ. Үүнтэй хэн ч маргахгүй биз ээ.

Эх сурвалж: medee.mn

scroll to top