Өвөрхангай аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 1994 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өчигдөр Арвайхээр сумын “Аюуш баатар”-ын талбайд эхэллээ.



Аймгийн Засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээнд “Арвайхээр цэргийн хүрээ”-ний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 7 багийн 80 гаруй тамирчид оролцлоо.


Тэмцээний эхний өдөр баг тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, хурд хүч сорьсон даалгавруудыг хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр марш гүйлтийн тэмцээнд 10 километр замыг туулж, 7 цэгт даалгавар гүйцэтгэж цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.



Тэмцээний дүн гарч Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Сүрэнжаваар ахлуулсан тасаг “Гутгаар” байр эзэлсэн бол дэд байранд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагчдын тасаг, Тэргүүн байранд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүний тасаг орлоо.


“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 102 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 17 төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн том тэмцээн бол энэхүү марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн юм.

