ХАНГАМЖ ХУДАЛДААНЫ ТӨВД ТАКТИКИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2023-02-03_18-52-53-582.jpg

“Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилготой тус дадлага сургууль гурван үе шаттайгаар явагдлаа.

Хангамж худалдааны төв нь хүнс, барааны худалдаа, оёдол, түргэн хоол, бүжгийн клуб, банк гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг 4 давхар 14 гарц бүхий Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв бараан захын хамгийн том оффис юм. Сургуулийн төлөвлөгөөний дагуу эхний шатанд тус байгууллагад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулав.

Харин хоёрдугаар шатанд түрээслэгчдэд “Галын аюулгүй байдал, эмнэлгийн анхны тусламж” сэдвүүдээр 1 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж онолын мэдлэг олгосон бол дараагийн шатанд гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тухайн нутаг дэвсгэрт 6,5 баллын газар хөдөлж “Хангамж худалдааны төв”-ийн 1 давхарт гал түймэр гарсан цагийн байдалд ажиллалаа.

Аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах, автомашины хийц бүтээцэт хавчуулагдсан иргэнийг аврах, автомашин болон битүү орчинд гарсан гал түймрийг унтраах, нэрвэгдэгсдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгөх, анхны тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, ажилтнуудаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг хийлгэлээ.

Дээрх дадлага сургууль нь хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

Тус дадлага сургуульд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, аймгийн Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 гаруй алба хаагч, 10 орчим автомашинтай хамтран оролцлоо.

scroll to top