“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

DSC_3117-Small.jpg

Тус газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах “Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст сурталчлан таниулах зорилгоор аймгийн Улаан загалмайн хороотой хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр /2020.10.13/ зохион байгуулав.
Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өдөрлөгийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, болон холбогдох дүрэм журам Онцгой байдлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн хүүхдүүдийн дунд гамшгаас хамгаалах мэдлэг, авхаалж самбааг сорьсон “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгуулсан юм.
Уг тэмцээнд Ерөнхий боловсролын таван сургуулийн 30 гаруй Өсвөрийн аврагч бүлгийн хүүхдүүд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж шилдэг багууд тодров. Тэмцээний “Тэргүүн” байрыг Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Ц.Бат-Орших ахлагчтай баг тамирчид, “Дэд” байрыг Мэргэд лаборатори сургуулийн Ц.Энхтүвшин ахлагчтай баг тамирчид, “Гутгаар” байрыг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Ц.Халхтулга ахлагчтай баг тамирчид тус тус шалгарч “Өргөмжлөл” үнэ бүхий шагналаар шагнав.

Тэмцээндээ амжилттай оролцсон хүүхэд, багачууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Иргэн бүр болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


scroll to top