Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөх,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна
