ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖҮҮЛЭВ

86269440_2756920004377559_4266185023637422080_o.jpg

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай шийдвэр гаргалаа. Тус захирамжид:

1.Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.

2.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 24 цагийн хүнсний дэлгүүрийг бусад хүнсний дэлгүүрийн адил оройн 21:00 цаг хүртэл ажиллуулах, эмийн сангуудыг хуваарь гарган 24 цагаар ажиллуулах, архи согтууруулах ундааг 18:00 цагаас хойш худалдаалахгүй байх, баар, караоке, цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

3.Банк, худалдаа үйлчилгээний газрууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх, үйлчилсэн тохиолдолд үйл ажиллагааг нь даруй зогсоох арга хэмжээ авч ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Эрүүл мэндийн газар (Д.Шиваанүрдэв), Цагдаагийн газар (О.Ганбат), сумын Засаг дарга нарт үүрэг болгосон.

4.Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд, иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон.

5.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан багш нарт 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цалинтай чөлөө олгож, амраахыг Боловсрол, соёл, урлагийн газар (Ж.Пүрэвсүрэн)-т даалгасан.

6.Цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхгүй, хот, аймаг, сум дамжин золголт хийхгүй байхыг олон нийтэд өргөн далайцтай сурталчлах ажлыг зохион байгуулахыг хэвлэл мэдээллийн нэгдсэн холбоо (Ч.Чимэддорж), аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон.

7.Хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн хэрэгсэлд ариутгал, халвдаргүйтгэл хийх, зорчигчдод хяналт тавихыг Автотээврийн төв (З.Балданням) сумын Засаг дарга нарт даалгасан.

8.Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Нэмэхбаяр)-т даалгасан.

9.Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны А/274 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ыг хэрэгжүүлж, ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасан.

10.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (И.Доржсүрэнд)-д тус тус даалган ажиллаж байна.

scroll to top