Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар нь гал унтраах 2 ангитай, Хархорин, Сант, Нарийнтээл сумдад улсын нөөцийн салбартай. Хархорин сумын гал унтраах 45 дугаар анги нь БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 148, 157 дугаар тогтоол, Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны 1972 оны 101 дүгээр тогтоол болон НАХЯ-ны сайдын 1972 оны 534 дүгээр тушаалаар Хархорин суманд 2 гэртэйгээр анх айгуулагджээ. 1974 онд сум, сангийн аж ахуйн авто гражийн нэг хэсгийг НАХЯ-ны үйлчилгээ аж ахуйн газрын хүсэлтээр одоогийн байрлаж байгаа обьектод гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 ширхэг АЦ-40 130-63А маркийн автоцестернтэйгээр шилжин орж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1975 онд БН МАУ-ын СнЗ-ийн 464 дүгээр тогтоолын дагуу Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод гал команд байгуулахаар шийдвэрлэж, 1977 оны 09 дүгээр сарын 01-нд гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АЦ-40 130-63А маркийн автоцестерн хоёртойгоор, УАА-н ТМС/хуучин нэрээр/-ийн гражийг түшиглэн уг гражид машинаа байрлуулан, харуул ээлжийн бие бүрэлдэхүүнээ гэрт байрлуулан харуулын үүрэг гүйцэтгэж эхэлснээр Гал унтраах 12 дугаар анги анх байгуулагджээ.
1991 онд Гал унтраах 12, 45 дугаар ангиуд НАХХ -ээс салж, бие даан “Гал түймэртэй тэмцэх алба” болж, Галын аюулгүй байдлын тухай хууль УИХ -ын 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн, аймгийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Монгол улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб болон аймгийн Цэрэг иргэний хамгаалалтын штабын иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Хархорин, Сант суман дахь Улсын нөөцийн салбарууд нэгдэн өргөжсөн байна.

2005 оны 1 дүгээр сарын 13-нд УИХ -аар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоол гарч, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг “Онцгой байдлын ерөнхий газар” гэж өөрчлөн гүйцэтгэх үүрэг, хамрах хүрээг өргөжүүлжээ. Мөн тогтоолын хавсралтаар аймаг, нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын газар, аймаг дүүргүүдэд Онцгой байдлын хэлтэс болгон өөрчилж бие бүрэлдэхүүний томилгоог шинэчлэн, ОБЕГ-ын даргын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 160 тоот тушаалаар тус хэлтэс нь Онцгой Байдлын Газар болон өргөжин үйл ажиллагаа явуулж байна.
Онцгой байдлын газар, гал унтраах 12, 45 дугаар анги, Хархорин, Сант суман дахь улсын нөөцийн салбар, Нарийнтээл суман дахь улсын нөөцийн цэгт нийт 104 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.