Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Эрдэнэбат

 Эрхэм хүндэт Онцгой байдлын албаны ажилтан албан хаагчид, үе үеийн офицер, гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд, Өвөрхангай аймгийн ард иргэд та бүхнийхээ амрыг эрье.  

                Хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, хүний, техникийн болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаны хамт олон бид билээ. Бид бүхэн аймаг, сум орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад ард иргэд та бүхэнтэйгээ хамтран болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн аюулаас урьдчилан сэргийлж, айх аюулгүй амар амгалан амьдарч чадна гэдэгтээ илтгэлтэй байна.

Онцгой байдлын албаны нэгдсэн тогтолцоонд шилжисний 15 жилийн ойгоо Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна.  Онцгой байдлын албыг бүхий л талаар бэхжүүлэн хөгжүүлж, ард иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй алба болгоход үе, үеийн удирдлагууд, ахмад буурлууд, офицер, ахлагч, ажилтан бүрийн үүрэг их байлаа.

Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд байнга хамтран ажилладаг аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрын дарга, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа болон бидний ажил үйлсийг дэмждэг иргэд, олон түмэндээ гүнээ талархаж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн мэндчилж байна.